ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨТӨЛБӨР
Гаалийн байгууллагын Хүний нөөцийн хөтөлбөрийн зорилго
Улсын гаалийн ерөнхий газар нь “... олон улсын жишигт нийцсэн, өндөр соёлтой гаалийн үйлчилгээг төлөвшүүлэх”-ийг үйл ажиллагааны эрхэм зорилго болгон дэвшүүлсэн. Энэхүү зорилгыг ханган биелүүлэхэд орчин үеийн шаардлагад нийцсэн, өндөр мэдлэгтэй, мэргэшлийн ур чадвар сайтай, бүтээлч, чадварлаг ажилтнууд чухал үүрэгтэй юм. Стратеги зорилго, зорилтуудыг хангахад хэрэгцээтэй мэдлэг чадвар бүхий ажиллах хүчний өнөөгийн нөөц болон ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, түүнчлэн ажилтнуудыг сэлгэн байршуулах, улмаар шаардлагатай мэдлэг чадварыг тодорхойлж, дутагдаж буй мэдлэг чадварыг бий болгох нь гаалийн байгууллагын үндсэн зорилтуудын нэг болоод байна. Өөрөөр хэлбэл, тохирсон ур чадвар, мэдлэг, туршлага бүхий хэрэгтэй тооны хүмүүсийг шаардлагатай үед нь тохирсон өртөг, зардлаар бэлтгэн, тохирсон ажилд нь ажиллуулах явдал чухал юм. Тиймээс гаалийн байгууллагад дээрх шаардлага, зорилтуудыг хангах, хүний нөөцийн төлөвлөлтийг зөв зохион байгуулах зорилгоор “Гаалийн байгууллагын хүний нөөцийн хөтөлбөр”- ийг дэвшүүлж байна. Гаалийн байгууллагын хүний нөөцийн хөтөлбөр нь УГЕГ болон түүний харъяа гаалийн газар, хороодын хүний нөөцийн удирдлагын зохицуулах механизм, үйл ажиллагааны удирдамж,
чиглэл болж, улмаар байгууллагын үйл ажиллагааны чадавхи болон хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой.
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН /АЖИЛТНЫ/ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн үндэслэл, зорилго
МУГЕГ-т ажиллаж байгаа гаалийн улсын байцаагч /ГУБ/ нарын төрийн албанд мэргэшиж, туршлагажсан байдлыг судалж үзэхэд 12.4 хувь нь төрийн албанд 1-5 жил, 15.2 хувь нь 6-10 жил, 36.4 хувь нь 11-20 жил, 27 хувь нь 21- ээс дээш жил ажиллаж байгаа туршлагатай ажилтнууд байна. ГУБ нарын 2000 оноос хойш сургалтанд хамрагдсан байдлын судалгаа гаргахад давхардсан тоогоор нийт 2280 ГУБ дотоод, гадаадын сургалтанд хамрагдсан байна. Үүнээс:
- Гадаадад 588 хүн;
- Дотоодод 1692 хүн;
Монгол улсын төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлт нь төрийн захиргааны шинэ зорилт, чиг үүргийг мэдлэг чадвартай, төрийн албан хаагчдын хүчээр хэрэгжүүлж, байгууллага иргэдэд чанартай,
шуурхай төрийн үйлчилгээ үзүүлэх шинэ шаардлага хариуцлагын тогтолцоо бий болов. Энэхүү хөтөлбөрийг Монгол улсын төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 1999 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох” хөтөлбөр болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас боловсруулсан “Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох баримт бичиг”, МУГЕГ-ын даргын 2007 онд баталсан “Гаалийн байгууллагын хүний нөөцийн хөтөлбөр” болон сургалтын өнөөгийн байдал, ирээдүйн хэрэгцээ, Дэлхийн гаалийн байгууллагын сургалтын чиглэлээр хийсэн судалгаанд тулгуурлан боловсруулав. Дэлхийн гаалийн байгууллагаас баталсан “2000-2010 оны гааль” баримт бичигт зах зээлийн эдийн засагт шилжиж буй улс орнуудын гаалийн байгууллагын өмнө тулгарах нэг асуудал нь шинэ зорилт, чиг үүргээ биелүүлэх чадвартай, гаалийн ажилтныг бэлтгэх явдал гэж заасан байдаг. Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд нөлөөлөх гол зүйл нь мэдлэг чадвар бөгөөд байгууллагын гадаад, дотоод орчны өөрчлөлт нь гаалийн улсын байцаагч нараас мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж байх хэрэгцээг бий болгож байна. МУГЕГ түүний харъяа газар хороодын гаалийн улсын байцаагч /ажилтан/ нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөр чиглэгдэнэ.
Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь гаалийн улсын байцаагчийн /ажилтны/ мэргэжлийн сургалтыг зөв зохион байгуулж, байгууллагын мэдлэг чадвар бий болгон хэрэгжүүлэхэд оршино. Гаалийн улсын байцаагчийн /ажилтны/ мэдлэг чадвар гэдэгт тодорхой орчинд тодорхой үйл ажиллагааг чиг үүргийг гүйцэтгэх чадварыг ойлгох бөгөөд үүнд хувь хүний онолын мэдлэг, ур чадвар, туршлага, хувийн шинж чанар, үнэт зүйлс багтана.
Гаалийн улсын байцаагчийн /ажилтны/ сургалт нь тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилго бүхий зохион байгуулалттай үйл ажиллагаа байна.
ГААЛИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн зорилго
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулинд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах заалтуудыг гаалийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх, ажилтан албан хаагчдыг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын эрхэм зорилгыг “ХҮНЭЭ ЭРХЭМЛЭН ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР ӨНДӨР СОЁЛТОЙ ГААЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХ” гэж тодорхойлсон бөгөөд уг зорилгыг ханган биелүүлэхэд энэхүү хөтөлбөр чухал ач холбогдолтой юм